Жанжны хөшөөг босгосон түүх
Сүхбаатарын талбай XIX зууны эхэн хагаст их Хүрээ суурьших үед Их чөлөө
нэрээр үүсчээ. Их чөлөөний хойд зах нь Шар ордон (одоогийн Хүүхдийн
урлан бүтээх төвийн замын өмнө талд), өмнөд зах нь Чойжин ламын сүм,
баруун зүүн тал нь лам, ноёдын хашаагаар хязгаарлагдаж байв.
Талбайд зун, өвлийн цагт цам гарах, Богд уулыг тахих их ёслол
гүйцэтгэдэг байж. 1921 оны долдугаар сарын 8-нд жанжин Д.Сүхбаатар
цэргүүдтэйгээ Хүрээнд орж иржээ. Зүүн Хүрээний өмнөх гол чөлөөнд
хүрээнийхэн баяр хөөр болон угтаж, цэргүүд мориныхоо амыг татсан гэдэг.
Яг энэ үед жанжны морь шээсэн байна. Үүнийг харсан "ясан толгой" Гаваа
гэгч цэрэг "Бүх цэргийн жанжны морь шээснийг бодоход энэ газар тун их
бэлгэ дэмбэрэлтэй газар юм" хэмээн бодоод тэр орой нь дэлэм хэрийн урт
төмөр гадас авчирч зоож орхижээ. Хожим 1946 онд жанжны хөшөөг хаана
босгох асуудал хөндөгдөхөд Х.Чойбалсан тэр газрыг санаж, хөшөөг босгох
шийдвэр гаргажээ.
Дараа нь долдугаар сарын 11-ний өдөр Хүрээг эзэлсэн ардын журамт цэрэг,
Зөвлөлтийн улаан армийн цэрэг болон олон нийт талбайд цугларахад талбайн
дунд зассан модон индэр дээр жанжин Д.Сүхбаатар гарч, гадаадын
түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн ардын хувьсгал ялсныг тунхаглан
зарласан түүхтэй. Талбайн хойморт ардын цэнгэлдэхийн бөмбөгөр оройтой
(бөмбөгөр ногоон гэж ардын дунд нэршсэн) дан байр барьж 1927 онд Ардын
хувьсгалын зургаан жилийн ойоор ашиглалтад оруулснаас хойш 1929-1930 онд
хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын (одоогийн
МУБИС) оюутны сургууль (өдгөө Соёлын төв өргөө байгаа газар) гэсэн дан
болон давхар барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулжээ.
Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан тогтоолоор "Улаанбаатар
хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө"-г 1945 онд
баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын төв театрын
барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор
Индрийн талбайд тэгшилсэн гэдэг. Уг ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал
тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн
иргэд оролцжээ.
Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч
Ч.Чоймбол зохиосон юм. Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг
гараараа зааж байгаагаар дүрсэлсэн уг хөшөөний төслийг 1946 оны
хоёрдугаар сарын 23-нд Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан
13/3 тоот тогтоолоор баталсан байна. Тогтоолд зааснаар хөшөөг богино
хугацаанд барьж, Индрийн талбайн төв хэсэгт байрлуулан 1946 оны
долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс
эхлэн Индрийн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болов.
Боржин чулуугаар хийсэн Сүхбаатарын дөрвөн метр өндөр хөшөөг шаталсан
өндөр бетон довжоон дээр наран ургах зүг харуулан суурийн хамт 12 метр
өндөрт байрлуулжээ. Байц хад хэлбэртэй бетонон суурийн хоёр талд
хувьсгалын ялалтын үйл явдлыг товойлгон дүрсэлж, зүүн талд нь "Бидний
улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр
зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх
явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний
сэтгэлийн чин зориг мэднэ" хэмээсэн үгийг нь сийлсэн билээ. Хөшөөний
суурийн гадна өргөн төмөр гинжээр холбогдсон 14 цагаан арслангийн хөшөөг
гадагш харуулан мөнхийн харуул болгож, дархан бат байхыг бэлгэдэн
байрлуулжээ.
Эх сурвалж: news.gogo.mn